Нандин учрал

Зүрхэндээ чи намайг хайрлах байсан юм бол
Зүүдэнд минь яагаад ирээгүй юм бэ
Зуны зүсэр цагаан бороо нь ээ
Зулай норгоод шивэрч л байсан даа

Чи бидэн хоёрын учралыг
Цэцэгс найган дуулах л юм даа

Насаараа чи намайг хайрлах байсан юм бол
Нууцалж юундаа ичингүйрсэн юм бэ
Намрын зулзаган цагаан хус нь ээ
Навчисаа бүрэн гөвөөгүй л байсан даа

Чи бидэн хоёрын учралыг
Салхи исгэрэн дуулах л юм даа

Онцолж чи намайг хайрлах байсан юм бол
Оройтож юундаа ирсэн юм бэ
Будран хаялах цасан ширхэг нь ээ
Бударч гялалзаад шинэхэн л байсан даа

Чи бидэн хоёрын учралыг
Одод нэхэн дуулах л юм даа

Харцаараа чи намайг хайрлах байсан юм бол
Хайж яагаад ирээгүй юм бэ
Урин хаврын анхны яргуй нь ээ
Ургаж гүйцээд цэнхэртэж л байсан даа

Чи бидэн хоёрын учралыг
Саран хоноглон дуулах л юм даа
Одод нэхэн дуулах л юм даа

Facebook Twitter Google Plus