Цэцгэнд төөрсөн эрвээхэй

Эмнэг залуу насанд минь
Эгшиг болон учирчихаад
Эмзэг ариун сэтгэлийг минь
Эрхлүүлж нялхруулж уяруулчихаад

Цэцгэнд төөрсөн эрвээхэй шиг
Чи минь хаашаа одов доо

Тэр л намрыг эргэн дурсахад
Тэргэл сар шиг дурсамж гийгээд
Тэнгэрийн од шиг гэрэлт агшин
Түүдгийн оч шиг бодол ээгээд

Зэрэглээнд төөрсөн янзага шиг
Чи минь юундаа цахилав даа

Мартъя гээд бодлоо чиг
Марал зүүдэнд тормолзоно оо
Манант хагацалд даслаа чиг
Мичид хүсэл эрмэлзэнэ ээ

Зовлонд төөрсөн жаргал шиг
Чи минь яагаад хулжив даа

Facebook Twitter Google Plus