Ижий минь ирж явна уу

Цэцэгт талын цэнхэр салхи
Чимээ чагнан түр саатах шиг
Нам гүм болох чинь
Ижий минь ирж явна уу даа

Чихний үзүүрт сэвэлзэх
Нутгийн минь тэр салхи
Ивлэсэн сүү шиг болохлоор
Ижийгээ санан үгүйллээ би

Буданд төөрсөн янзага би
Буруу зөвгүй давхих шиг
Буян хурсан тэнгэртээ
Ижийгээ даатган залбирлаа би

Тэнгэрт нүүх сэмжин үүлс
Тэрхэн агшинд түр саатах шиг
Нартай наадан байх чинь
Ижий минь ирж явна уу даа

Нүдний үзүүрт торолзох
Нүүдлийн шувуу шиг үүлс
Үүлэн зардас шиг болохлоор
Үгүйлэн санах л юм ээжийгээ

Сэрүүхэн бороотой манан дунд
Ихэр толгод нь сүүмэлзээд
Сэтгэлийн нулимс тогтохгүй нь ээ
Ижий минь ирж явна уу даа

Хоёр нүдний минь нулимс
Энгэр норгоод байх чинь
Хонгор сайхан ижийтэйгээ
Хөтлөлцөөд нэг л алхах юмсан

Facebook Twitter Google Plus