Толин хул

Газар үнэгшин омогшиход толгод хотойно

Хазаар даран тэмүүлэхэд дэлхий атирна

Зурхай эргэж гарахад наран сугарна

Зуныг элдэж хурдалхад дээл сэмэрнэ

Толин хулын тоосонд хийморь зүггүй наадам

Торгон жолоо өргөхөд нулимс тогтохгүй наадам

Толин хулын төвөргөөнд тугаа өргөсөн Монгол

Амгайгаа зажилан үүрсэхэд уяа сэргэн

Арай ядан тогтооход цулбуур эрчилнэ

Аймгийн галыг тойроход хараа булаана

Аядуу уртад сойход салхи амарна

Тогоруу халтарын магтаалд айраг дундрах наадам

Товруу мөнгөн эмээлдээ эзэн нь гоёдсон наадам

Тогоруу халтарын салхинд туг нь намирсон Монгол

Арвайн домог сэдэрхэд өвгөд хуучилна

Адтай гийнгоо цангинахад асар эзгүйрнэ

Үрээ морьдын давьхианд дагуул олширно

Түрүү магнайд ирхэд нь хадаг ховордно

Аварга хээрийн хөлсөнд дэнж мялаасан наадам

Ар халхынхаа энгэртээ торгоор уралдсан наадам

Аварга хээрийн төвөргөөнд аялгуу өргөсөн Монгол

Facebook Twitter Google Plus