Сүүдэр цармын цэцэг

Гунигтайхан харцанд минь гангар хун шиг сууж
Гэгэлхэн дуугаа аялахдаа жаргасан гэж үү дээ чи минь
Сайхнаас сайхан төрснийг чинь бодоод
Санаа алдан харахад минь даарсан
Сүүдэр цармын цэцэг шүү дээ чи

Хэнэгүйхэн занд минь таанын цэцэг шиг унаж
Хээрийн салхи шиг амьдралд минь хийсээгүй гэжүү дээ чи минь
Ариухнаас ариун явсныг чинь бодоод
Амьсгал түгжин үнсэхэд минь хиртсэн
Анхны цагаан цас шүү дээ чи

Эндүүхэн явахад минь оргилын цас шиг нурж
Эргэн хөрвөөн уйлахдаа үрэгдээгүй гэж үү дээ чи минь
Эмзэгээс эмзэг байсныг чинь бодоод
Элгэн дотроо харуусахад минь асгарсан
Ээжийн цагаан сүү шүү дээ чи

Эмзэгээс эмзэг байсныг чинь бодоод
Элгэн дотроо харуусахад минь асгарсан
Ээжийн цагаан сүү шүү дээ чи

Facebook Twitter Google Plus