Зүрхэнд буйлдаг говь

Газрын холоос дуралзсан аавын өргөө цайвалзсаар

Галбын шанхан говийг өдөржөн туулсаар золгоно доо

Бүсгүй хөмсөг шиг саран үдшийн гэгээнд эрхэлсээр

Буурын зогдорт зүүгдсээр толгодын цаагуур шингэнэ хө

Зүүдээ манах шөнөөр

Зүрхэнд буйлдаг говь минь

Зуугаар наслахад уйдамгүй

Зул шиг шаргал нутаг минь

Ингэ хөөслөх ээжийн минь уяхан хоолой дуурсаад

Ижий говийн аашийг учирлаж аргадан эгшиглэнэ

Уярлын нулимстай буйлаанд аавын сэтгэл гэгэлзээд

Ухаарал шивнэх аялгуу зүрхний гүн рүү зуларна

Зүүдээ манах шөнөөр

Зүрхэнд буйлдаг говь минь

Зуугаар наслахад уйдамгүй

Зул шиг шаргал нутаг минь

Нүүдэл цагаан үүлсийн тэлмэн хатир сульдсан

Ноён сэврэйн шил дээр хоног төөрүүлж суунаглана

Хонгорын шаргал манхны хажсан хормойг тоосруулсан

Хаямал ингэний тишээнд залуу нас минь тэмүүлнэ

Зүүдээ манах шөнөөр

Зүрхэнд буйлдаг говь минь

Зуугаар наслахад уйдамгүй

Зул шиг шаргал нутаг минь

Зүүдээ манах шөнөөр

Зүрхэнд буйлдаг говь минь

Зуугаар наслахад уйдамгүй

Зул шиг шаргал нутаг минь

Зул шиг шаргал нутаг минь

Facebook Twitter Google Plus