Ирэх л гэж

Яагаад ч надад ирэхгүй гэж санасан дурлал минь
Яргуй ургах цагаар намайг зориод ирнэ
Нялх ногооны үнэр шиг аядуу зөөлөн чамайгаа
Насан туршийнх минь байгаасай гээд
Ямар их хүснэ вэ би
Сэвхтэй саран шиг өдрүүд ар араасаа цувраж
Цээжинд минь хоногших чамайг мартаж чадахгүй нь
Зүрхэнд чинь би бүтнээрээ урсаж шингэснээ мэдрэвч
Зүдүү ядуу орчлонд тогоруу шиг дэрхийгээд нисэн одовоо
Ялгуун сарны доор ганцхан чамайгаа хайрлах гээд
Ялдам үгэнд чинь уусаж би чинийх болов уу даа
Янаг хайрын сэтгэл ийм сайхан гэдгийг
Яагаад өмнө нь та хэлсэнгүйв дээ бурхан минь
Хавар эртийн бороонд хамтдаа зөндөө алхмаар
Хачин сайхан амьдралыг зөвхөн чамтай л туулмаар
Эгэл цээжийг чинь тэвэрч эрхэлж зөндөө баймаар
Эдлэх ёстой насаа чамтай
хорвоог хамтдаа дуусгамаар байна

Yйл үйлээ дагаж л учирсан байгаасай даа
Өглөө босоод сэрэхэд минь зүүд л биш байгаасай
Ирэх л гэж наддаа ирсэн буцааж болохгүй хайр минь
Ийм сайхан дурлал бүтэхгүй байсан ч
бурхан таньдаа гомдохгүй ээ би

Facebook Twitter Google Plus