Дүү минь

Цэнхэрхэн инээдээр дурсамж зурна
Цэцэгс илбэж эрхэлсэн дүү минь
Өвөртөлж гарсан нутгийнхаа үнэртэй чулууг
Өрөөл бусдад хамаагүй битгий үзүүлээрэй

Сүүлийн навчис тасарч унахаас нь өмнө
Ижийдээ амжиж очоорой дүү минь
Эргэж буцдаг цагийн настай тавилан
Ээжийгээс чинь өөр бурхан гэж үгүй шүү
Дүү минь

Жаахан гартаа наран атгаж
Жаргалын үлгэр эхлүүлсэн дүү минь
Сүүдэр унаагүй нарны амттай мөрөөдлөө
Сарнаас өөр хэнд ч битгий хэлээрэй

Ангирын цуваа бодол даахаас минь өмнө
Аавдаа амжиж очоорой дүү минь
Алсран одох нарны шаргал аашинд
Аав чинь өөр бурхан гэж үгүй шүү
Дүү минь

Аяны шувуудын жигүүр дэлгэн
Амьдрал тийшээ ниссэн дүү минь
Өдөр өдрөөр хорвоогийн амьдрал солигдоно
Өөртөө итгэлтэй харц дээгүүр алхаарай

Сүүлчийн навчис тасарч унахаас нь өмнө
Ижийдээ амжиж очоорой дүү минь
Алтаар урсах цагийн урсгал дундаас
Аав ээжийгээ амжиж хайрлаарай, дүү минь
Сүүлчийн навчис тасарч унахаас нь өмнө
Ижийдээ амжиж очоорой дүү минь
Алтаар урсах цагийн урсгал дундаас
Аав ээжийгээ амжиж хайрлаарай, дүү минь

Facebook Twitter Google Plus