Аз жаргалын цэцэг

Чамтай анх учирахдаа ариухан бодол тээсэн
Чиний гарыг атгахдаа сэтгэлд минь одод гийсэн
Цэлмэг шөний саран дэргэд минь буух шиг санагдахад
Чин үнэнч хайраа үүрдийнх гэдэгт итгэсэн.
Сэтгэлд минь бадамлах хайрын галыг асааж
Зүүдийг минь уяраасан дурсамжаар хөглөжээ чи минь
Амьдралаар нахиалсан ялдамхан энхрийхэн
Аз жаргалын цэцэг надад бэлэглэжээ чи минь

Чамтай учрах болгондоо солонгын цацраг атгасан
Чиний үгийг сонсохдоо итгэл минь баяраар бялхсан
Цэлмэг өдрийн наран зулайд минь буух шиг санагдахад
Цэвэр сэтгэлийн хайраа би үүрдийнх гэдэгт итгэсэн
Сэтгэлд минь бадамлах хайрын галыг асааж
Зүүдийг минь уяраасан дурсамжаар хөглөжээ чи минь
Амьдралаар нахиалсан ялдамхан энхрийхэн
Аз жаргалын цэцэг надад бэлэглэжээ чи минь

Бидний сэтгэлийг адислан наран саран мишээхэд
Бидний дууг дагаад намуун байгаль сэргэсэн
Хос зүрх ижилсэн орчлонг уяраан цохилоход
Халуун хайрын илчиндээ бидэн хоёр жаргасан
Сэтгэлд минь бадамлах хайрын галыг асааж
Зүүдийг минь уяраасан дурсамжаар хөглөжээ чи минь
Амьдралаар нахиалсан ялдамхан энхрийхэн
Аз жаргалын цэцэг надад бэлэглэжээ чи минь

Facebook Twitter Google Plus